2014-04-15

30 настангуудад өгөх зөвлөгөө!

Америкийн зохиолч, бизнесмен Марк Мэнсон 30 нас хүрснийхээ дараахан цахим хуудсандаа 37-с дээш настай хүмүүсийг амьдралынхаа туршлагыг хуваалцан зөвлөгөө өгөхийг уриалсан захидал бичжээ. 600 гаруй хүн хариу ирүүлснээр Марк арвин баян зөвлөмжийн сантай болсон байна. Эдгээр санаануудыг ангилж байгаад Марк 5-6 зөвлөгөөг хүн бүр өөр өөр хэлбэрээр давтан анхааруулж байгааг анзаарсан байна. Чухамхүү энэ санаанууд л Маркийн эрж хайгаад байсан ахмадын “ амьдралын мэргэн ухаан “ байсан бололтой. Ингээд хамгийн олон удаа / хэдэн зуун удаа / давтагдсан зөвлөгөөнүүдийг та бүхэнд хүргэе.

1. Өтөл насандаа хэрэглэх хуримтлалыг хойш тавилгүй одооноос эхлэн бий болго !

- “ ...30 хүртлээ би юу ч мэддэггүй явжээ. Харин та ингэж болохгүй, оройтоогүй дээрээ бэлтгэлтэй бай! Даатгал, тэтгэвэр, ипотекийн хуулиудыг сайн судла, хэрэг болох өдөр ойртож байгаа шүү...”

Энэ бол бараг бүх захидлын хамгийн гол зөвлөгөө юм. Санхүүгийн тогтвортой байдлаа хангаж, хөгширсөн хойноо хэрэглэх хуримтлалтай болохын тулд дараах зүйлүүдийг даруй хийх хэрэгтэй гэнэ. Үүнд:

Бүх өр шир, тавьсан зээлээ яаралтай төлж дуусгахад хамаг анхаарлаа хандуулах
Хувийн “ Зохицуулах фонд “-той болох. Ямар нэгэн асуудал / эрүүл мэнд, шүүхийн шийдвэр, гэр бүл цуцлалт, бизнесийн алдагдал / тулгарахад бэлэн биш байснаас олон мянган хүн амьжиргааны эх үүсвэргүй хоосрон үлдсэн жишээ өч төчнөөн байдаг.
Цалингийнхаа гуравны нэгийг өр зээлээ хурдан дарахад зарцуулж, зээлээ дуусмагц хадгаламжинд хийж байх
Бодлогогүй наймаа бүү хий. Ипотекийн зээлийн нөхцөлийг хангалттай биелүүлж чадах санхүүгийн боломжтой болохоос нааш орон сууц худалдан авах гэж яарсны хэрэггүй.
Мэдэхгүй зүйлдээ хөрөнгө оруулалт хийж болохгүй. Биржийн брокеруудад бүү итгэ!

2. Эрүүл мэнддээ одооноос эхлэн анхаар !

“ ...Хүний оюун ухаан бие организмаасаа 10-15 жилээр залуу явдаг юм. Эрүүл мэнд тань бодож байгаагаас чинь хурдан муудна. Та анзаарч ч амжихгүй...”

Бид эрүүл мэнддээ санаа тавих хэрэгтэй гэж мэднэ. Зөв хооллож, спортоор хичээллэж, ажил амралтаа зохицуулж байх ёстой гэж мэднэ. Гэхдээ яагаад ахмадууд эрүүл байж эрүүл өтлөхийг чухалчлан захиад байгаа юм бол?
Бидний бие махбодь ганцхан өдрийн дотор гэнэт муудчихдаггүй, олон жилийн турш “ сэм сэмхэнээр “ элэгдэлд орж доройтсоор байдаг аж. Одоо та энэ доройтлыг саармагжуулан удаашруулахад анхаарах хэрэгтэй.

Хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчнөөр өвчлөгсөд бүгд л “ Хэрвээ цаг хугацааг ухрааж, бүхнийг шинээр эхлэх боломж олддогсон бол, би эрүүл зөв хооллож насан туршдаа спортоор хичээллэх байсан. Өмнө нь би буруу зуршлаа зөвтгөх арга л хайдаг байснаас биш үр дагаврыг нь төсөөлж байсангүй. “ гэж харамсдаг. Үүнийг байнга санаж яваарай !

3. Өөртөө муу байдаг хүмүүстэй битгий харьцаж бай !

“... Таны амьдралд хэрэг болохгүй амлалт, үйлдэл, хүмүүст “ үгүй “ гэж хэлж сур. Сайн хүн байхын тулд заримдаа хатуу чанга байх хэрэгтэй байдаг юм...”

Энэ зөвлөмж нилээд хачирхалтай. Ахмадуудын захианаас үзвэл тэд өнгөрсөн үед буцаад очиж болдог бол хувийн амьдралдаа нилээд хязгаарлалт хийж, аль болохоор сайн хүмүүстэй л нөхөрлөж, цагийг өнгөрөөх байсан гэнэ. Энэ нь яг юу гэсэн үг юм бол?

Заримдаа хүмүүс бусдыг гомдоохгүйн тулд, бусдад таалагдахын тулд, эсвэл өөртөө сайн ханддаг болгохын тулд дургүй зүйлээ хийхэд хүрдэг. Ингэснээр бусдын эрхшээлд орохоос эхлээд олон сөрөг үр дагаврыг бий болгодог байна. Ялангуяа санхүүгийн болон бусад ашиг хонжоо, сэтгэл хөдлөл зэргээс үүдэлтэй үйлдэл маш том гамшигт хүргэж болзошгүйг үргэлж санаж муу зүйлээс холуур яв !

4. Дотно хүмүүстээ сайн хандлагаа илэрхийлж бай !

“ ... 30 наснаас хойш хүмүүсийн амьдралд янз бүрийн саар зүйлс тохиолдох нь элбэгшдэг. Эцэг эх, чинь байхгүй болж болно, гэр бүлийн чинь хүн урваж ч магадгүй, хүүхдүүд өсөж томрохын хирээр асуудал үүсгэнэ. Энэ үед л хүн өөртөө гэмшихийн зовлонг эдэлдэг юм даа...”